© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Коронавирус (КОВИД-19)

" Эдгэрсний дараа архи хэрэглэвэл элэгний цирроз үүсэх аюултай"

-Covid-19 халдвар авч, эдгэрсний дараах хам шинжийн үргэлжлэх хугацаа ямар хэлбэрээр өвдсөнөөс хамаарч ихэнх хүмүүст дунджаар 1-3 сар үргэлжлэх нь түгээмэл ажиглагдаж байна. Зарим тохиолдолд хагас жил ба түүнээс дээш хугацаанд үргэлжлэх боломжтой. Үүнд тухайн хүний өвчний хүндийн зэрэг, Covid-19 халдвараар өвдөхөөс өмнөх эрүүл мэндийн байдал ямар байсан нь нөлөөлнө.

Эдгэрсний дараах хам шинжүүд илэрч байгаа хугацаанд гэмтсэн эд эрхтний үйл ажиллагааг нөхөн сэргээх эмчилгээг эмчийн хяналтад үргэлжлүүлэн хийх нь зүйтэй.

-Хоол хүнсний хувьд ямар витамин амин дэмийг түлхүү авах хэрэгтэй вэ?

-Аливаа өвчнийг үлдэцгүй, биед сөрөг үр дагавар үлдээхгүй төгс эмчлэхэд эдгэрэлийн шатанд нөхөн сэргээх эмчилгээ хийх нь чухал байдаг. Covid-19 халдварын хувьд ч ялгаагүй. Энэ нь өвчинтэй тэмцэх явцад ихээр дайчлагдаж гэмтэж мөхсөн дархлааны эсүүд, зарцуулалт нь нэмэгдсэн эрдэс, витаминуудын хомсдлыг нөхөж эд эсийг нэн тэргүүнд шим тэжээлт хоол хүнс болон хүчилтөрөгчөөр хангах явдал юм.

Иймд өвдсөний дараа уураг, ханасан ба ханаагүй тосоор баялаг хоол хүнс хэрэглэх, эрдэс бодис, витаминуудыг сарын турш хоногийн шаардлагатай тунгаас хоёр дахин илүү тунгаар хэрэглэхийн зөвлөнө. Ялангуяа ахмад настан, бага насны хүүхэд, хөхүүл эхчүүд, олон төрсөн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй, мэргэжлийн хортой нөхцөлд ажилладаг, мэс заслын дараах байдалтай хүмүүст нөхөн сэргээх эмчилгээг 2-3 сар үргэлжлүүлэх шаардлагатай юм.

-Бүрэн тунд хамрагдсан иргэд халдвар авсны дараа илүү сайн дархлаа тогтдог гэх яриа байна. Энэ үнэн үү?

-Вакцины бүрэн тунд хамрагдах нь цар тахлаас сэргийлэх, халдварт өртөж өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвдөөд өнгөрөх, амь насанд аюултай хүндрэлүүд болон удаан хугацаанд үргэлжилсэн үр дагаврууд үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Өвчилж эдгэрсний дараа тогтох дархлаа нь өвчин ямар хэлбэрээр өвдсөн, тухайн хүний дархлааны тогтолцооны үйл ажиллагаа ямар байгаагаас хамаардаг.

Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа хэвийн сайн явагдахад шим тэжээл сайтай хоол, хангалттай нойр, цэвэр агаар ба хөдөлгөөн чухал.

-Өвдсөн тохиолдолд дахин халдвар авах эрсдэл бий юу?

-Халдвараар өвдсөний дараа ихэнх тохиолдолд дунджаар зургаан сарын турш дархлаа тогтоно. Энэ нь 4-9 сарын хугацаанд хэлбэлзэж болно гэж үздэг. Бусад орны мэдээллүүдээс үзэхэд дахин халдвар авах тохиолдлууд гарч байгаа бөгөөд энэ нь 8-9 хувь эзэлж байна.

-Эдгэрсэн иргэд юуг анхаарах вэ. Архи согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй юу?

-Эдгэрсний дараа биеийнхээ нөхөн сэргээлтэд сайн анхаарах хэрэгтэй. Сovid-19 халдварын эмчилгээнд удаан хугацаагаар хэрэглэдэг үрэвслийн эсрэг эмүүд, антибиотик болон вирусийн эсрэг бэлдмэлүүд нь элэг гэмтээх нөлөөтэй байдаг. Тиймээс элэг хамгаалах, өвдсөний дараа элэгний эсүүдийг нөхөн сэргээхэд анхаарах нь зүйтэй. Халдвараар өвдсөний дараа архи дарс хэрэглэх нь богино хугацаанд элэг сорвижиход нөлөөлж элэгний цирроз үүсэх аюултай гэдгийг анхааруулъя.

-Эдгэрсэн ч вирус цусанд идэвхгүй болж үлдэж, аль нэг эрхтний дутагдлаар нас барах эрсдэлтэй гэх яриа ч байна?

-Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар вирус биеийн аль нэг хэсэгт, тодруулбал гэдэсний салт бүрхүүл, шээс ялгаруулах замд хадгалагдаж байгаад үе үе идэвхжих боломжтой гэсэн байдаг. Энэ нь өвчний архаг явц буюу удаан үргэлжлэх Covid-19 үүсгэх ба сэдрэл намжил ээлжлэн явагддаг онцлогтой. Энэ талаар хөгжилтэй орнуудад судалгаа хийж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..