© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Сувилагч

Ё.Энхтуяа: Сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа өвчтөнийг эрүүл болоход чухал нөлөөтэй

Дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд “Сувилагч” багтдаг. Хэчнээн чухал алба болохыг энэ жагсаалт илтгэнэ. Дөнгөж төрсөн нярайг угтаж, өтгөсийг үддэг нь сувилагч. Өвчтөнүүдтэй хамгийн ойр ажиллаж, амьдрах хугацаанд авах эмнэлгийн бүх л тусламж, үйлчилгээг үзүүлж, асрагч, аврагч, хамгаалагч, сэтгэл зүйч гээд олон мэргэжлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг хүндтэй хүмүүс юм тэд. Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хөдөө орон нутагт тасралтгүй 36 жил хийж яваа аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ё.Энхтуяатай уулзаж ярилцлаа.

-Танд олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Сувилагчаар 30 гаруй жил ажиллана гэдэг багагүй хугацаа юм. Та анх мэргэжлээ хэрхэн сонгож байв. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би 1982 онд Элдэв Очирын нэрэмжит 1-р 10 жилийн сургуулийг гайгүй дүнтэй төгсөж конкурст орж группээ буруу сонгосон учир шалгалтын оноо маань дээд сургуульд ороход арай хүрээгүй учир Улаанбаатар хотын АУСДС-ийг сувилагчийн ангийг сонгон авсан нь өдгөө миний амьдралын үнэт зүйл болсон мэргэжлийн минь эхлэл байлаа.

Эмнэлгийн мэргэжил л заавал сонгоно гэсэн хүүхдийн гэнэн цагаахан мөрөөдөл маань аавтай минь холбоотой. Учир нь миний аав сумын эмнэлэгт бага эмчийн ажил хийдэг байв. Аавынхаа ажил дээр очих бүртээ эмнэлгийн өрөөний өвөрмөц содон дотно, цаанаа нэг тийм сайхан үнэр, тэр үеийн эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн тийм нэг элгэмсүү гэгээлэг өнгө төрх миний сэтгэлийг хөдөлгөсөн хэрэг. Тиймээс л миний хүсэл мөрөөдөл тэр үед эмнэлгийн салбарыг сонгоход хүргэсэн. Ингээд Улаанбаатар хотын АУСДС-ийн сувилагчийн ангид орж суралцан төгсөж ирээд 1984 оны долоодугаар сараас аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж, нялх үрсэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгааг үзүүлж эхэлснээр ажлын гараа минь эхэлж байв.

-Дөнгөж сургуулиа төгсөөд хүүхдийн тасагт сувилагчаар орно гэдэг амаргүй байх. Учир нь насанд хүрэгчид, хүүхэд хоёр их ялгаатай байх?

-Миний хувьд хэцүү байгаагүй ээ. Залуу насны эрч хүчээр л ажлын гараагаа эхэлж байсан. Тэр үед хүүхдийн тасаг ачаалал өндөр, бидэнд амрах эрх, зав ч үгүй байлаа. Гэсэн ч залуу насны хүсэл тэмүүлэл, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэт зүйл, ажлын практик, амьдралын туршлагыг энэ л эмнэлгийн салбараасаа авсандаа баярладаг юм. Олон хүүхдэд эрүүл энх аз жаргалыг бэлгэлэхийн төлөө, өөрийн нойр хоол, ахуй амьдрал үр хүүхдээ ч умартан хүнд хэцүү нөхцөлд бор зүрхээрээ зүтгэн ажиллах нь их жаргал байсан. Ажлын ачаалал хамт олон, сайхан найз нөхдийн дунд алга болдог юм.

-Сувилагчийн мэргэжлийн онцлог болон хүнд хэцүү зүйл нь юу вэ? Энэ урт хугацаанд ажиллахдаа танд шантарч бууж өгч байсан тохиолдол бий юу?

-Ер нь бэрхшээлгүй ажил гэж ерөөсөө байхгүй, нийгмээс, надаас, бусдаас шалтгаалсан бэрхшээл бишгүй л бий. Ажлын ачааллаас болоод ч тэр үү хааяа шантрах бухимдах үе гаралгүй л яах вэ. Гэхдээ бэрхшээл тулгарсан ч бид ямагт багаараа ажилладаг учраас хамтдаа даван туулдаг учраас л би эрүүл мэндийн салбарынханд тэр тусмаа эмнэлгийн хамт олноороо бахархдаг. Сувилагч бидэнд тулгамдаж буй нийгмийн маш олон асуудал бий. Наад зах нь л нэг сувилагчид ноогдох ажлын ачаалал их ч цалин хөлс нь бага, алжаал стрессээ тайлах цаг зав бараг л гардаггүй гээд тоочоод байвал бэрхшээл их шүү дээ. Гэхдээ л би болон бид сувилагч мэргэжлээрээ бахархдаг юм.

Эмнэлгийн байгууллагыг эмчгүйгээр, тэр тусмаа сувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өвдөж шаналсан хүнд тусалж үйлчилж тэдний шаналсан царай, амнаас гарсан үг бүрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч асран сувилж тэнхрүүлдэг төдийгүй тэдэнд эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгааг олгож бүхий л талаас нь туслан дэмжиж эцэст нь гэрт нь үдэн гаргадаг ариун үйлстэн бол сувилагч юм. Сувилагч хүн ямар ч өвчтөний зөвлөгч, туслагч, асрагч дэмжигч байдаг. Энэ сайхан мэргэжлийг эзэмшсэндээ би цаг үргэлж бахархдаг юм. Ер нь шантрах үе байгаагүй шүү.

Ажлын найман цаг ч бай 16 цаг ч бай энэ хооронд хийх л ёстой ажлаа хийж эцэж цуцахаа мэдэхгүй гүйдэг байлаа. Ажлаасаа буугаад ямар их ачаалалтай ажилласнаа ч тоодоггүй байв. Энэ бол залуу насны эрч хүч байж. Гэхдээ жил ирэх бүр дадлагажих, гарт орохоор ядрах нь гайгүй шүү. Сувилагчийн ажил хүнд хэр нь урам зориг өгдөг, хүнд өөрийг нь байнга хэрэгтэй хүн гэж мэдрүүлдэг ажил юм шиг ээ.

Би оффист найман цаг сууж, бичиг цаастай ноцолдохгүй ч гэлээ өвчтэй байгаа хүнийг эдгэрэхэд нь тус болж, амьдрах итгэл бэлэглэдэг гэдэгтээ үргэлж баяртай явдаг. Хүүхдийн тасагт ажиллаж байхдаа хүүхдүүд нь өвдөж зовсон эцэг эхчүүд ямар их шаналж, тэвдэж байгааг хараад тэднийг тайвшруулах гэж хичээнэ. Бас тэдгээр хөөрхөн хүүхдүүдийн нүдэнд өвдөлтийг мэдрүүлэхгүй юм сан гэж хичээнэ.

Бүр хүүхдүүд нь эргэж тойрдоггүй, олон настай хүмүүс ч эмнэлэгт хэвтэх нь бий. Нэгэн зэрэг тэдгээр хүмүүсийн хүүхэд, үр ач, асран хамгаалагч, хөөрхөн охин нь болж явах ч үе бидэнд бий шүү дээ. Өглөө жаахан оройтоод л очиход хүүхэд, томчуудгүй л бүр саначихсан “Таныг бүр ирэхгүй нь үү гэж бодлоо” гэчихсэн угтдаг сан. Тиймээс бүх хүний хэрэгцээтэй хүн байж, тэднийгээ санагалзуулахад хүргэнэ гэдэг миний мэргэжлийн онцлог, чадвар, үнэт зүйл юм. Сурах хүн алдаан дээрээсээ суралцдаг гэдэг дээ. Энэ олон жилийн хугацаанд загнуулж, зэмлүүлэх үе надад маш их байсан. Гэхдээ шантраагүй. Харин ч мэргэжилдээ хайртай дуртай ажиллаж байна.

-Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь бүх зүйлийг өөрөө гардаж хийдэг. Эмч нар оношилж, эмчилгээ бичиж өгнө. Харин сувилагч тухайн хүний эмийг нь өгч, тариаг нь гардаж хийнэ. Өвчинтэйгөө тасралтгүй 24 цаг байдаг. Тиймээс маш сайн сонсогч байж, тухайн хүнийхээ сэтгэлзүйг өргөж урам өгч дэмжих шаардлагатай болдог. Ер нь өвчтөн бүрийнхээ сэтгэлзүй, орчин, хооллолт, эмчилгээ, сувилгаа, асаргаа зэрэгт анхаарал хандуулж байж өвчтөн маань эрүүл, саруул болно шүү дээ. Энэ л хамгийн сайхан нь байдаг юм. Сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа л өвчтөнийг эрүүл болоход маш чухал. Тэгэхээр мэргэжлээрээ үнэхээр бахархаж, насан туршийн буяны мэргэжил юм гэж боддог доо. Өвдсөн хүн асаргаа сувилгаагаа хийлгээд, эдгээд “Танд баярлалаа” гэж хэлэх тэр мөч бүр нь хамгийн сайхан байдаг.

Багш хүн шавиа амжилт гаргахад нь баярладаг шиг. Барилгачин хүн барьсан барилгаа хараад баярладаг шиг. Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л урам аваад л, ядарснаа ч мартчихдаг юм. “Чи яасан зөөлөн гартай юм бэ”, “Тариагаа хийсэн үү, ерөөсөө өвдсөнгүй шүү” гэж хэлэх нь үнэхээр аз жаргал байдаг. Өвчтөнийхөө баярлалаа гэж хэлэх бүрд нь баярладаг юм. Энэ бол миний хувьд мэргэжлийнхээ сайхныг өдөр бүр мэдэрдэг, хамгийн том шагнал байдаг.

-Сувилахуйн ухаан гэж тэгвэл их нарийн юм байх нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. Сувилагчийг эмчийн туслах л гэж хүмүүс ойлгодог. Сувилахуйн ухаан гэж чухам юу болохыг төдийлөн ойлгодоггүй юм шиг. Сувилагч бол эмчид л туслах ёстой гэж зарим иргэд маань буруу ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ сувилахуйн ухаан гэдэг бол Эрүүл мэндийн салбарын биеэ даасан шинжлэх ухаан юм.

Сувилагч бид бүхэн өвчтөнийг асарч сувилах, эм, тариаг эмчийн зааврын дагуу хийх үүрэг хүлээхээс гадна өвчтөний хажууд байж, асарч тойлох эмчилгээ үйлчилгээний ачааны хүндийг үүрдэг эмнэлгийн мэргэжилтэн гэж ойлгох хэрэгтэй санагддаг. Миний мэргэжлийн онцлог гэвэл тухайн хүнээс тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбааг алхам бүрд шаардсан хариуцлагатай мэргэжил. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хамгийн хариуцлагатай, өгөөмөр байх ёстой мэргэжил юм л даа.
Тиймээс би ажилдаа чин сэтгэлээсээ хандах, шулуун шударга байхыг эрхэмлэдэг. Мөн өвчтөнөө сувилахад бүхнийг өөрийн төлөө юм шиг ажиллахыг хичээсээр явдаг. Одоо ч ажилдаа хичээсээр явна даа.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн том шагнал юу вэ?

-Би энэ сайхан мэргэжлийг эзэмшиж төгсөж ажиллаад өдөр бүр том шагнал авдаг. Сувилагч хүн хором бүр өвчтөнтэйгөө харьцдаг шүү дээ, өвчтөнөөсөө талархлын үгийг сонсох шиг сайхан, “том” шагнал байхгүй. Тиймээс би хамгийн сайхан газар ажилладагтаа үнэхээр их бахархдаг. Дөнгөж хорвоод мэндэлж буй үрээ хараад бүх өвдөлтөө мартан мишээх ээжийг харах хамгийн сайхан мөч байдаг. Нялх үрээ эдгээд баярлаж хөөрч буйг нь хараад хамт баярладаг. Энэ үед ямар ч магтаал сайшаал, шагналаас илүү сайхан санагддаг даа.

-Та нийт хэдэн хүнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэв?

-Нэг сувилагч жилдээ 3200-3600 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа, 1987 оноос 1997 он хүртэл хүүхдийн тасагт ахлах сувилагч хийж байсан. 1997-2000 он хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, 2002-2009 он хүртэл аймгийн ЭМГ-т дархлаажуулалтын бага эмчээр, 2009 оноос одоог хүртэл сайн дурын зөвлөгөө шинжилгээний зөвлөгчөөр ажиллаж байна. Ингээд бодохоор ойролцоогоор 20 гаруй мянган хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тэр сувилахуйн үйлчилгээ дотроо өвчтөнийхөө сэтгэлзүйтэй ажиллах, эрүүл мэндийн боловсрол олгох гээд бүгд орно. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сувилахуйн үйлчилгээг үзүүлж байна.

-Сувилагч хүн ямар зан чанартай байх хэрэгтэй вэ. Энэ мэргэжил хүнийг ямар зан чанартай болгодог вэ?

-Сувилагч гэдэг хариуцлагатай мэргэжил. Xувь хүний, гэр бүлийн, нийгмийн болон хүн амын эрүүл мэндэд анхаарал тавьж, эрүүл байхыг дэмжиж, өвчин болон гэмтлээс сэргийлэн хамгаалж, халамж тавин ажилладаг. Эмч онош тогтоож, эмчилгээ бичиж эмчилдэг бол, сувилагч өвчтөнийхөө бие махбодийн, сэтгэл хөдлөлийн, сэтгэцийн, болон нийгмийн эрүүл мэндэд анхаарч халамж болон зөвлөгөө өгдөг. Сувилагч нар эмнэлзүйн дүгнэлт гарган, эмч нартай ойр ажиллаж, мэргэжлийн алдаанаас хамгаалж, хүний амийг аварч, шаардлагатай үед бусдын эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн хүргэдэг учраас л шударга байх ёстой. Бас хичээнгүй, бусдыг хүлээцтэй сонсдог байх ёстой.

Сувилагч хүн уян зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй байдаг. Энэ хүн би, энэ хүн миний ээж, миний аав, миний үр хүүхэд гэдэг сэтгэхүйгээр хандаж эмчилдэг. Мөн бусдад сайхан сэтгэгдлийг үлдээдэг мэргэжил юм. Ингэхийн тулд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог байх хэрэгтэй.

-Танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..