© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нүд судлал

Ч.Чимгээ: Нүдний даралтаас болж хараа алдсан тохиолдолд хараа хэзээ ч сэргэдэггүй

Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, “Sight” нүдний эмнэлгийн эмч Ч.Чимгээтэй ярилцлаа.

-Сүүлийн үед нүдний хорт хавдраар өвчилсөн хүүхэд цөөнгүй байх болжээ. Энэ нь удамшилтай холбоотой юу?

-Монгол Улс хоёр сая хүн амтай байх үед жилд 6-7 хүүхэд өвчилдөг байсан бол сүүлийн жилүүдэд 10 орчим тохиолдол гардаг болсон. Зөвхөн нүд гэлтгүй бусад эрхтний хорт хавдрын өвчлөл газар авч байгааг эрүүл мэндийн байгууллагуудын судалгаа хэлж буй. Энэ нь агаарын бохирдол, идэж буй хоол хүнснээс нь шалтгаалдаг. Удамшдаг тал ч бий.

-Техник технологийн хөгжлийг дагаад иргэдийн нүдний хараа муудаж байгааг эрдэмтэд онцолдог. Хэдийгээр хараанд сөргөөр нөлөөлөхгүй дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ч тийм ч ахицтай биш байх шиг. Ер нь монголчуудын дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Монголчуудад тэр дундаа хүүхдүүдэд хамгийн элбэг тохиолдож буй нүдний өвчлөл бол хараа муудах буюу харааны гажиг юм. Энэ нь ойрын хараанд илүү их ачаалал өгснөөс үүддэг өвчин. Хичээл номоос гадна гар утас, зурагт, компьютер зэргийг ойроос ширтэж үзэх нь хамгийн их аюул дагуулдаг. Үүнээс гадна хүүхдүүд хөдөлгөөнгүй болж, гадаа гарч тоглохоо больчихож. Улмаар тухайн харааны үзэгдэх орчин хязгаарлагдаж, нарны гэрэл шууд тусахаа больсноор холын хараа муудах гол шалтгаан болдог. Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөрт нэг цаг гадаа тоглодог хүүхдүүд гэртээ цагийг өнгөрүүлдэг хүүхдүүдээс илүү хараа нь сайн болохыг тогтоосон байдаг.

Хоёрдугаарт, техник технологийн дэвшлийн ачаар дутуу төрсөн нярай хүүхдүүдийн амьдрах чадвар дээшилсэн ч тэр хэрээрээ нүдний торлогийн өвчлөлөөр өвчлөх нь ихэссэн. Учир нь дутуу төрсөн нярайд хүчилтөрөгчийн аппарат залгахад тогтож амжаагүй нүдэнд их хэмжээний даралт ирдэг. Үүнээс үүдэж нүд гэмтэж, эмчлэхгүй явсаар удвал сохрох аюултай. Ялангуяа 6-7 жилийн өмнө төрсөн хүүхдүүдийг оношлох, эмчлэх аргагүй байсан учир хараагүй хүүхдүүдийн сургуулийн нэг ангийн сурагчдын тал орчим хувь нь ийм төрлийн сохролтой байгаа юм. Иймд эцэг эхчүүд хүүхдээ дутуу төрсөн бол заавал нарийн үзлэг оношлогоонд хамруулж, хэрэв нүд өвчилсөн байвал яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Гуравдугаарт, хялар харах өвчин, нүдний төрөлхийн болор цайх өвчин элбэг тохиолдож байна. Эдгээрийг түргэн шуурхай эмчилж, шаардлагатай бол мэс заслын аргаар эмчилгээ хийх хэрэгтэй. Зарим эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийн нүдэнд мэс засал хийж болохгүй гэх зэргээр эмчилгээ авахуулалгүй хугацаа алддаг тохиолдол цөөнгүй бий. Жишээлбэл, хөдөө орон нутагт төрөлхийн болор цайлттай хүүг эмээ нь хагалгаанд оруулахгүй гэсэн гээд долоон нас хүртэл нь тэр чигээр нь явуулчихсан байсан. Ингээд тэр хүүхдийн хараа хэзээ ч сэргэхгүй шүү дээ. Үүнээс гадна орчин үеийн анагаах ухаан хөгжчихөөд байхад ламд нүдийг нь үзүүлээд нэг үлээлгэчихье гэсэн бодолтой хүмүүстэй ч таарч байлаа. Иймд юуны өмнө ард түмэн маань эрүүл мэндийн тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүүхдүүд ч том том харааны шил зүүх болжээ. Нүдний хараа муудах нь ямар шалтгаантай вэ?

-Ер нь зовиур өөр нь төдийоөн мэдрэгдэхгүй бол хүүхэд өвчнө анзаардаггүй. Ингэж явсаар хараа муудсаныг нь гэнэт мэдээд, эмчид хандахад оройтсон байдаг. Иймд эцэг, эх л анхаарч халамжлах нь маш чухал юм. Дээрээс нь зургаан нас хүртлээ хүүхдийн харааны хөгжил явагддаг учир тохирсон шил зүүлгэхгүй бол хараа нь хөгжихгүй. Зургаан наснаас хойш нүдний ямар нэгэн өвчинтэй хүүхдийн харах орчин бүрдэж өгөхгүй бол дараа нь хэчнээн сайн мэс засал хийсэн ч хараа нь 100 хувь сэргэдэггүй.

-Хүүхдэд багаас нь нүдний шил зүүлгэх нь хэр зөв сонголт вэ?

-Зүүх шаардлагатай хүүхдүүдэд заавал зүүлгэх хэрэгтэй. Ямар ч эмч, эмнэлэгийн ажилтан шаардлагагүй үед шил зүүлгэнэ гэж байхгүй. Манайхны дунд харааны шил зүүхээр хараа нь улам мууддаг гэсэн буруу ойлголт байдаг. Харааны шил яг л хувцастай ижил. Хувцас муудаж элэгдэж, таарахаа болихоор сольдгийн адилаар шилийг ч мөн адил тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Зарим хүн тухайн шил таарахаа больсныг мэдэлгүй олон жил зүүх гээд байдаг. Дор хаяж жилд нэг удаа хараагаа тогтмол шалгуулж, хараандаа таарсан шилээ зүүгээд явбал хараа муудна гэж байхгүй.

-Өмнө нь 0.75-аас доош хараатай бол шил зүүх хэрэггүй гэдэг байсан бол одоо эмч болгон шил зүүлгэх сонирхолтой болсон байсан. Энэ нь зөв үү?

-Тухайн хүний онцлогоос шалтгаалдаг ч хараа нь муудаж эхэлсэн л бол нүдний шил зүүх хэрэгтэй байдаг. -0.75-аас доош хараатай хэрнээ нүдэндээ ачаалал өгөхгүйгээр зүгээр хардаг хүмүүс шил зүүхгүй байж болно. Харин лекцэнд суудаг оюутан, сурагч байх юм бол самбар дахь зүйлээ харахын тулд заавал шил зүүх шаардлага тулгардаг. Тэрнээс биш тийм хараатай хүн зүүнэ, тэр нь зүүхгүй гэсэн зүйл байхгүй.

-Хүмүүс гэнэт л хараа муудлаа гэж ярьдаг. Энэ хэр боломжтой вэ?

-Дийлэнх тохиолдолд ойрын хараа муудсан хүмүүс тэгж ярьдаг. 40 наснаас хойшхи ямар ч эрүүл хүний хараа муудаж эхэлдэг. Үүнийг зарим хүн гэнэт муудлаа гэж ярьдаг. Харин холын хараан дээр тийм асуудал үүсдэггүй.

-Удамшлын шалтгаантай харааны гажиг бүрэн эмчлэгдэх үү?

-Ер нь ямар ч төрлийн удамшлын өвчинг эмчлэхэд их хэцүү. Дээрээс нь нүдний өвчлөлийн 30 хувь нь удамшдаг. Энэ тохиолдолд эцэг, эхийн аль нэг нь нүдний өвчинтэй бол хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн жилд нэг удаа нүдний эмчид хандаж, оношлуулах нь зүйтэй.

-Гаднын нөлөөнөөс болж нэг нүдний хараа муудахад нөгөө нүдэндээ нөлөөлөх үү?

-Нэг нүдний хараа муудахыг бид “мохос хараа” гэж нэрлэдэг. Энэ нь бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Хүүхдүүд зовиураа хэлж мэдэхгүй, эцэг эх нь ч анхаарахгүй байсаар цаг алдаж, нэг нүднийхээ харааг алдах тохиолдол ихэссээр байна. Харин нөгөө нүдэндээ шууд нөлөөлж чадахгүй ч эрүүл хардаг нүдээ гэмтээсэн тохиолдолд насан туршдаа хараагүй болох магадлалтай.

-Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад нүдний гэмтэл их байна гэж байсан.

-Нүдний гэмтэлээрээ манай улс дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Манайхан анхаарал болгоомжгүйгээсээ болоод маш их гэмтдэг. Жишээлбэл, морь малд өшиглүүлэх, хурц үзүүртэй зүйлээр тоглох, бие бие рүүгээ бал харандаа шугам шидлэх гэх мэт хүнд гэмтлүүд маш их гарч байгаа. Нүд бол хамгийн эмзэг эрхтнүүдийн нэг. Гэмтлээсээ шалтгаалаад насан туршдаа хараагүй болох тохиолдол ч бий. Тийм болохоор маш болгоомжтой байх нь чухал юм.

-Дотор эрхтний өвчлөл нүдээр илрэх тохиолдол бий юү?

-Эмч нар нүдний угийн судсыг хараад дүгнэлт хийж болдог. Тухайлбал, нүдний угийн судас нарийсалтай хатуурсан байвал бусад эрхтний судас ч мөн адил хатуурсан байх магадлал их. Мөн элэг, цөс, цусны өвчин нүдээр илрэх тохиолдол ч бий. Хамгийн элбэг тохиолддог чихрийн шижин өвчний нэг хүндрэл нь нүдний бичил нарийн судсууд гэмтээд нүдэнд өөрчлөлт ордог.

-Монголд нүдний даралт элбэг. Энэ нь юунаас болж үүсдэг юм бэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Зарим хүний нүд улайсан байдаг нь даралттай холбоотой юу?

-Нүдний эмч нарын хамгийн их эмээдэг өвчний нэг нь нүдний даралт юм. Учир нь нүдний даралтаас болж хараа алдсан тохиолдолд эргээд хэзээ ч сэргэдэггүйгээрээ хамгийн их аюултай. Болор цайх өвчний улмаас хараа алдсан бол мэс заслын аргаар эргээд хараагаа олж авах боломжтой бол нүдний даралттай үед хэзээ ч сэргэхгүй.

-Нүдний даралтыг бүрэн эмчлэх боломжтой юу?

-Бидний нэг зорилго бол хараагаа алдах үе шат руу нь хүргэхгүйгээр эрт оношилж, урьдчилан сэргийлэх юм. Даралттай гэдгээ мэдсэн даруйдаа эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эм дусаах, лазерын эмчилгээ, мэс засал зэрэг эмчилгээг эрт үе дээрээ хийлгэвэл хараагаа алдахгүй байх боломжтой ч нүдний даралтын хамгийн аюултай зүйл нь зовиур огт өгдөггүй, харааг муутгадаггүй. Хүнд өөрт нь зовиургүй байдаг учраас орой оношлогддог аюултай өвчин юм.

-Зарим хүн толгой өвдөхөөр нүд харанхуйлж байна гэж ярьдаг. Энэ нь даралттай холбоотой юу?

-Нүдний даралттай холбоотой гэхээсээ илүүтэйгээр хүний мэдрэл болон зүрх судасны өвчинтэй холбоотой. Ер нь нүдний өвчин хүнд өөрт нь зовиур бараг өгдөггүй гэж хэлэхэд болно. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал гэдгийг хэлмээр байна.

-Сошиал ертөнцөөр харааны дасгал гэсэн янз бүрийн зөвлөгөө их гарах болж. Харааг дасгалаар сайжруулж болдог уу?

-Сайжруулахгүй, харин хамгаалж болдог. Хүн үргэлж ойрын зүйлийг хараад байхаар өөрийн мэдэлгүй нүдээ хүчлээд, нүдний доторх булчингуудыг зангируулаад байдаг. Өөрөөр хэлбэл, их хэмжээний ачаалал өгдөг гэсэн үг. Харин нүдний дасгал нь тэдгээр булчинг суллаж, амрааж өгдөг юм.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд шил зүүхээс илүүтэйгээр нүдний контакт линз их зүүх болж. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?

-Линзийг нүдний эвэрлэг бүрхэвч дээрээ тогтоодог учир буруу хандвал эвэрлэг бүрхэвч гэмтэх, үрэвсэх, цаашлаад хараагүй болох аюултай. Иймд линзийг ашиглахдаа маш болгоомжтой хандаж, зориулалтын уусмалд нь цэвэрлэж байх хэрэгтэй. Сүүлийн үед охид бүсгүйчүүд өнгөтэй линзийг түлхүү хэрэглэх болж. Өнгөтэй линзийг аль ч улсад чанартай материалаар хийх нь ховор байдаг учраас аль болох татгалзахыг зөвлөж байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..