© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нүд судлал

Нүд хуурайших өвчлөл гэж юу вэ? Яагаад нүд хуурайшдаг вэ?

Нүд хуурайших өвчлөл нь монгол шиг цаг уурын эрс тэс нөхцөлтэй орны хувьд нүд түгээмэл өвчлөлийн нэг юм.  Нүд хуурайших өвчлөлийн талаар ярихын өмнө нүдний чийгшилийг барьж, хамгаалдаг нулимсны талаар мэдэх хэрэгтэй. Нулимс нь нүдийг чийгшүүлж, нүдэнд орсон гадны биетийг гаргах, мөн халдвар орохоос урьдчилан сэргийлдэг. Нулимс хангалттай бүрэлдэхгүй үед нүд хуурайших, аргах, улайх, хорсох шинж тэмдэг илэрдэг. Нүд цавчих бүрд нулимс бүрэлдэж, нүдний өнгөн хэсгийг бүрхдэг.

Ингэснээр нүдийг эрүүл байлгаж, аливааг тод харах харах боломжийг сайжруулдаг. Нас ахихын хирээр хүний нулимс бий болох үйл явц нь удааширдаг.

Нулимс бүрэлдэх үйл явц удаашрах нь 2 шалтгаанаас үүдэлтэй байдаг.

  1. Хангалтгүй хэмжээний нулимс: Зовхины орчим байрлах булчирхайнаас нулимс нөхөн төлждөг. Нас ахих, эрүүл мэндийн байдлаас хамаарч, мөн зарим эм, тарианы гаж нөлөөнөөс болж нулимсны хэмжээ багасдаг. Салхи, хуурай цаг уур зэрэг хүрээлэн буй орчны нөлөөнд нулимсны ууршилт нэмэгдэж, нулимс ялгаралт мөн багасдаг. Нулимс нь хэвийн хэмжээнээс буурч, уурших үед нүд хуурайших шинж тэмдэг илэрнэ.
  2. Чанаргүй нулимс: Нулимс нь тос, ус, салст гэсэн 3 давхаргын бүтэцтэй

    Давхарга тус бүр нүдний гадаргууг хамгаалах, тэжээх үүрэгтэй. Тэгш гөлгөр тосон давхарга нь усан давхаргыг ууршихаас сэргийлнэ. Салст давхарга нь нулимсыг нүдний гадаргууд тэгш тараах үүрэгтэй. Хэрэв энэ 3 давхаргын ажиллагаа аль нэг хэсгийн ажиллагаа доголдсоноос нулимс хурдан уурших эсвэл эвэрлэг бүрхэвчээр тэгш тараагдахгүй бол нүд хуурайших шинж тэмдэг илэрнэ.

      Нүд хуурайшилтын хамгийн түгээмэл шалтгаан нь нулимсны усан давхаргын хэмжээ хангалтгүй болох юм. Энэ нөхцөлийг кератоконжанктивитис сикка /ККС/ буюу энгийнээр нүд хуурайших эмгэг гэж нэрлэдэг.Энэ үед нүд загатнах, элс орсон мэт хорсох, халуу шатах, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрдэг. Хэт хуурайшсан бол нүдний өнгөн гадаргуу гэмтэж, хараанд сөргөөр нөлөөлдөг.

Тэгвэл юунаас болж нүд хуурайшдаг вэ?

  • Нас. Байгалийн жамаар нас ахихын хэрээр нүд хуурайшдаг. 65-аас дээш насны ихэнх хүмүүсийн нүд хуурайшдаг.
  • Хүйс. Жирэмслэлт, сарын тэмдэг болон жирэмслэлтээс хамгаалах эм зэргээс хамааран дааврын өөрчлөлтөөс болж эмэгтэйчүүдийн нүд хуурайших нь элбэг.
  • Эм, эмчилгээ. Зарим төрлийн харшлын эсрэг эм, хамрын дусаалга, цусны даралтны эм, сэтгэл гутралыг эмчлэх эм зэрэг нь нулимсны ялгаралтыг бууруулдаг.
  • Биеийн эрүүл мэнд. Үе мөчний хэрх өвчин, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчтэй бол нүд хуурайшилт элбэг тохионо. Мөн зовхины үрэвсэл, нүдний гадаргуугийн үрэвсэл эсвэл зовхи гадагшаа эсвэл дотогшоо эргэснээс болж, нүд хуурайших боломжтой.
  • Хүрээлэн буй орчин. Утаа, хэншүү, хярвас, салхи, хуурай цаг агаараас шалтгаалан нулимс хурдан ууршсанаас болж, нүд хуурайшиж болно. Компьютерын дэлгэц удаан ширтсэнээс болж, нүд цавчих хэвийн давтамж алдагдвал мөн нүд хуурайшина.
  • Бусад хүчин зүйл. Харааны линз удаан зүүх, хараа заслын хагалгаа хийлгэсний дараа нулимс ялгаралт багасч, нүд хуурайших магадлалтай.

Дээрхи хүчин зүйлээс хамаарч, нүдний хуурайших нь хамгийн элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд дэлгэц хэт удаан ширтсэнээс нүдний цавчих давтамж багасч, мөн харааны болон гоёлын линз удаан зүүх, цаг уурын эрс тэс нөхцөл зэрэгт нь энэ өвчлөлийг үүсгэх суурь шалтгаан болжээ.

Бид нүд хуурайших зовиурыг эмчид үзүүлэх хэмжээний нүдний эрүүл мэндийн ноцтой асуудал биш гэж үзэн дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэх, уламжлалт аргуудыг ашигласнаар нүдний салстыг гэмтээж, ужиг өвчин үүсгэх эрсдэл үүсгэж байна. Магадгүй танд нүд хуурайших шинж тэмдэг илэрч буй бол нүдний эмчийн зөвлөгөөг дагаж, эмчилгээ хийснээр нүдний эрүүл мэнддээ аюул учрахаас сэргийлж буй юм.

Нүдний хуурайшилтыг хэрхэн эмчлэх вэ?

Таны нүд хэрвээ хуурайшсан бол хиймэл нулимс дусааж, үрэвслээ намдаах нь, нулимс бүрэлдэх үйл явцыг дэмжих хамгийн зөв арга. Нүдний эмч нар нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хадгалах бодис агуулаагүй, хиймэл нулимс сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хадгалах бодис агуулсан хиймэл нулимс, дусаалга нь нүдний загатнаа үүсгэх, нулимс ялгаралтыг удаашруулахад хүргэдэг. Хэрвээ хиймэл нулимс дангаар нөлөөлдөггүй өвчтөнүүд өөр бусад аргыг хэрэглэхийн сацуу мэргэжлийн эмчид хандах нь илүү үр дүнтэй.

Нүдний эмч нар нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хадгалах бодис агуулаагүй натрийн гиалуронат 0,1 % агууламж бүхий нэг удаагийн савлагаатай ариун чанарын хиймэл нулимсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..