© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

Хамуу

Ерөнхий

Хамуу нь хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтй жижиг биетэй, 1 сар орчим амьдардаг шавьж. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно. Эрэгчин нь эмэгчингээ хээлтүүлсний дараа удалгүй үхдэг бол өндөглөхөд бэлэн болсон эмэгчин нь хүний арьсанд ахин нүх гарган ордог. Энэ мэтээр асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.

Хамууны хачиг нь хүний биеэс гадуур тасалгааны дулаанд 2-3 хоног амьдрах чадвартай. 60 хэмийн халуунд нэг цагийн дотор үхдэг бол хасах хэм, буцалгахад тэр даруй үхдэг.

Шинж тэмдэг
Бэлгийн хавьталд орох, хамууны хачигийн халдвартай хувцас,бээлий, цагаан хэрэглэлээр дамжин халдварладаг. Халдвар авснаас 7-10 хоног далд үе нявагддаг. Хамуу нь орой, шөнийн цагаар ихээр загатнуулахтууралт гарах шинж тэмдгээр илэрдэг. Тууралт нь хурууны салаа, бугуй, шодой, тохойны нугалаас, тавхай, гадар бэлэг эрхтэн, өгзөг, суга зэрэг газар голдуу гардаг ч биеийн аль хэсэгт ч тууралт гарч болзошгүй. Хүзүү, толгойнд хамуунд өртдөггүй налх/ хүүхэд хамуутаж болно/. Тууралт нь хос нойтогносон толбо хэлбэртэй байна. Хамуу нүх гарган арьсан доогуур явах үедээ утас шиг нарийхан, шулуун , тахиралдсан судал үүсгэдэг. Ийм судлын төгсгөлд тунгалаг овгор хальсаар төгссөн байх нь цөөнгүй.

Загатнахад маажиснаар арьс гэмтэж идээт тууралт үүсч болзошгүй. Ингэхдээ хамуу нь хачиг, түүний ялгадсанд харшил өгсний улмаас үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Юуны өмнө арьсны эмчид үзүүлэн зөв оношлогоо хийлгэсний дараа, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх ёстойг анхаараарай.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд хамуу эдгэнэ гэж байдаггүй бөгөөд үе үе хурцадах хэлбэрээр хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Хамуунаа салахын тулд хачиг, хачигийн өндөгийг устгах хэрэгтэй.

Хамууны эсрэг хэрэглэдэг бэлдмэлүүдийг үндсэн гурван дөрвөн бүлэгт хувааж болно. Үүнд:

1.Тосон бэлдмэлийн нийлэг үүсмэлүүд /бензил бензоат/.
2.Хүүхэр, хүүхрийн үүсмэлүүд: хүүхэртэй тос, Вилькинсоны тос
3.Шимэгч шавьжны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд: К саван, флицидийн шингэн, лизол, креол.

Хамууны хачигны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг хэрэглэхийн өмнө арьсны гадаргуу дээрээс хачи, нян зэргийг зайлуулахын тулд сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь бэлдмэлийг толгойноос бусад биеийн бүх гадаргаар түрхэнэ. Тууралт их гарсан газруудад ялангуяа сайтар түрхэх хэрэгтэй.

Бензилбензоатын эмульсийг /20% тайг нь насанд хүрэгчдэд, 10% -тайг нь жаахан хүүхдэд/ хамууны эсрэг эмчи лгээнд хамгийн өргөн хэрэглэдэг. Эмчилгээг дараах загварын дагуу явуулна, үүнд: эхний өдөр хамууны тос шингээсэн хөвөнгөөр бүх биеэ, ялангуяа хамууны тууралт гарсан бүх голомтуудыг 10 минутын зайтайгаар хоёр удаа арчин түрхэж өгнө. Нэг арчихдаа 10 минутын турш арчин түрхэж өгнө. Дараа цэвэрхэн хувцас өмссөөд, цагаан хэрэглэлээ сольно. Хоёр дахь өдөр нь дахин түрхэнэ. Үүнээс гурван өдрийн дараа усанд ороод цагаан хэрэглэлээ ахин сольно.

Демьяновичийн арга. Энэ аргаар эмчлэхийн тулд хоёр уусмал бэлддэг. №1 уусмал нь 60 %-ийн натрийн гипосульфат, №2 уусмал нь 6% дасны хүчлийн уусмал. Эмчилгээг дулаан тасалгаанд хийнэ. №1 уусмалаас 100мл орчмыг саван хийж авна. Өвчтөнг нүцэглэж байгаад уусмалыг гарын алгаар дараах дарааллын дагуу бүх биеийн арьсанд түрхэнэ, үүнд: зүүн мөр, зүүн гар; баруун мөр, баруун гар; их бие; зүүн хөл; баруун хөл. Хоёр минутын турш сайтар түрхэж өгнө. Тууралт гарсан газруудад ялангуяа сайн түрхэж өгөх хэрэгтэй. Дараа хэдэн минутын турш өвчтөнг амруулна. Энэ хугацаанд уусмал хурдан хатах бөгөөд арьс нь натрийн гипосульфатын жижиг талстаар хучигдан пудрдсэн мэт цагаан болно. Үүний дараа энэхүү уусмалаараа мөн адил дарааллаар дахин түрхэнэ. Мөн л тууралттай хэсгийн арьсанд тус бүр хоёр минут орчим түрхэх замаар бүх биенд түрхэнэ. Давсны талстууд нь хачигны гаргасан замын гадаргыг гэмтээснээр бэлдмэлийг шууд хачигны замд орох боломжтой болгож өгдөг.

Хатсаных нь дараа давсн ы хүчлийн 6% уусмалаар арьсыг арчина. Ингэхдээ хэрэгцээнийхээ хэмжээгээр алган дээрээ бага багаар асгаж байгаад түрхэнэ. Түрхэхдээ дээрхтэй адил дарааллаар түрхэнэ. Гэхдээ түрхэж шингээх хугацаа нь нэг минут байна. Арьсыг хатсаны дараа дахин хоёр удаа түрхэж шингээнэ.

Үүний дараа шинэ цагаан хэрэглэл өмсөөд гурав хоногийн турш усанд оролгүй яваад дараа нь угаана. Натрийн гипосульфат ба давсны хүчлийн хооронд явагдсан урвалын үр дүнд хүхэрт хий, хүчэр хоёр ялгаран хамууны хачиг, хачигны өндөг болон авгалдайг устгадаг. Демьяновичийн аргаар хүүхдийг эмчлэх үед эцэг, эхчүүд нь түрхэж өгдөг. Эхний удаад шаардлагатай үр дүн өгөөгүй бол 2-5 хоногийн дараа эмчилгээг давтдаг.

Хүүхрийн тосыг толгойноос бусад биеийн бүх хэсэгт 4-5 хоногийн туршид шөнөдөө нэг удаа түрхэж өгнө. Дараа нь 1-2 өдөр түрхэлгүй амраана. Энэ хугацаанд өвчтөн нь хувцсаа солихгүй. Үр дүнд нь хүхэртэй тос хувцсанд нь шингэдэг. Ингээд 1-2 хоногийн дараа усанд орж, ариутгасан шинэ хувцас өмсөнө. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүсийн арьс үрэвсэх нь цөөнгүй тул эмзэг, нимгэн арьстай хэсэгт их болгоомжтой түрхэж, хүүхдэд 10-20% агуулгатай тосыг түрхсэн нь дээр гэж үздэг.

Үүнээс гадна хүүхэртэй тосыг нэг удаа түрхэх арга гэж бас байдаг. Ингэхдээ биеэ савантай усаар норгож байгаад биеийн бүх арьс, ялангуяа тууралт гарсан хэсгүүдийг хуурайштал нь 2 цагшийн турш түрхэнэ. Үүний дараа тальк, эсвэл цардуул цацаж өгнө. Тосыг угравн өдрийн турш угаалгүй яваад дараа нь усанд орж цагаан хэрэглэл, дотуур хувцсаа сольно.

Линдан (якутин, гамексан, лорексан, GBH) – 1%-ийн крем, лосьон, шампунь, нунтаг, 1-2%-ийн тос хэлбэрээр байдаг.

Кротомитон (эуракс, GIBA) -1% крем, лосьон, тос хэлбэрээр байдаг. Хамуу, загатнахын эсрэг үйлчилгээтэй. Сөрөг нөлөө багатай, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүд, арьсны экземтэй хүмүүс зэрэг тохиромжтой.

Тиабендазол – 5%-ийн крем, 10% ийн уусмал. 5 өдрийн турш өдөрт хоёр удаа түрхэнэ.

Мөн ардын эмчилгээний аргууд бас байдаг. Эдгээрээс хамгийн энгийн нь модны үнсийг ашиглан бэлдсэн тосыг түрхэх арга юм. Модны үнсэнд агуулагддаг хүүхрийн нэгдлүүд нь хамууны хачигийг устгахад хангалттай хүрдэг. Ингэхдээ 30 хэсэг модны үнс, 70 хэсэг ямар ч хамаагүй тосыг хутган эмчилгээний тос бэлдэнэ. Бэлдсэн тосыг хүүхэртэй тосыг түрхэх зааврын дагуу түрхэдэг. Мөн нэг аяга үнсийг хоёр аягаг усанд хийгээд 20 минутын турш буцалгасны дараа самбай /марль/, даавуугаар шүүгээд үлдсэн тунадасыг нь гарсан шингэнд нь дүрж норгоод долоо хоногийн турш орой болгон 30 минутын хугацаатайгаар арьсандаа түрхэнэ.

Үүнээс гадна керосин ургамлын тосыг 50:50 харьцаатайгаар хутгаад 2-3 хоног, шөнөдөө нэг удаа бүх биеээрээ түрхэнэ. Ингэхдээ дотуур хувцас, цагаан хэрэглэл, оймс, бээлий зэрэг дээрээс цацаж өгнө. Гэвч энэ арга арьсны үрэвсэл үүсгэж болзошгүй тул тун аргаа барьсан үед л хэрглэж үзэж болох юм.

Эмчилгээг дууссаны дараагаар өвчтөний бүх хувцас, хэрэглэл, ор болон хөнжлийн цагаан даавууг сайтар угааж, буцалгах хэрэгтэй. Хувцсыг гадна доторгүй индүүднэ. Эсвэл өсмөлгүйгээр 5-7 хоног цэвэр агаарт өлгөнө. Гудас, хөнжил зэргийг мөн адил ариутгах шаардлагатай. Үүнээс гадна хамуу илэрсэн үед өвдсөн үгүйгээс үл хамаараад гэрийн бусад гишүүд эмчилгээнд хамрагдах ёстой. Дотуур байранд бол нэг өрөөнд хамт байгаа бусад нь мөн адил эмчилгээнд хамрагдах ёстой.

Ингэхдээ хамуу нь харшлын гаралтай болохоор эдгэрсэн ч гэлээ загатнаа нь хэдэн долоо хоног хэртэй үргэлжилж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хамуу туссан үед эмчийн заалт, эмийн зааврын дагуу хэрэглэдэг зарим эмийн нэрс:

Эмульсия бензилбензоата 20%

Мазь бензилбензоата 20%

Мазь бензилбензоата 10% /хүүхдэд/

Esdepalletrine, SPREGAL

Линдан (якутин, гамексан, лорексан, GBH)

Кротомитон (эуракс, GIBA)

Тиабендазол

Диэтилкарбоназин.

Эдгээрийг зөвхөн эмчийн заалтын дагуу, зааврыг нарийн баримтлан хэрэглэж болно.  Гадаад хэл дээрх бичсэн зааврыг ойлгохгүй байгаа үед залхууралгүйгээр эмчлэгч эмчдээ үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэх боломжгүй бол эмийн санчаас сайтар асууж лавлах хэрэгтэй. Эмчид үзүүлж оношлуулалгүйгээр өөрөө өөртөө онош тавьж дур мэдэн хэрэглэвэл хамууны хачигнаас долоон доор үр дагавар гарч болзошгүйг анхаараарай. Зөвхөн эмчийн заалтаар, зааврын дагуу хэрэглэж болно гэдгийг дахин сануулъя.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..